Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нартай хийх ээлжит уулзалтад оролцож, Монгол Улсын Засгийн газраас геологи, аж үйлдвэр, эрдэс баялаг, газрын тосны салбарт баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулав.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсын эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр, хууль эрх зүйн томоохон өөрчлөлт шинэчлэл, үйлдвэр, технологийн паркийн хүрээнд хийгдэх төслүүдийн талаар танилцуулга хийв.
Уулзалтын үеэр Элчин сайд нар Европын холбоо болон тус холбооны банк, санхүүгийн гол байгууллага болох Европын хөрөнгө оруулалтын банктай хамтын ажиллагааны боломж, чухал ашигт малтмал, аж үйлдвэрийн томоохон төслүүд болох зэс, гангийн үйлдвэр, геологийн хайгуул, судалгааны талаар асуулт асууж санал солилцов.





