АҮЭБЯ| МОНГОЛЫН АНХНЫ "ХАНБОГД-ШАРЦАВ" ГЕОПАРК НЭЭГДЛЭЭ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Дэлхийд дархлагдах Монголын анхны геопарк Өмнийнговьд нээгдлээ.
 
Үлэг гүрвэлийн өлгий нутаг Шар цав, геологийн сонирхолтой тогтоц Ханбогдын боржингийн массиваар овоглосон “Ханбогд-Шарцав” хэмээх геопарк нь цаашид ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болгон хөгжүүлэх чухал алхам болж байна.
 
Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумдын нутагт байрлах “Ханбогд-Шарцав” геопаркийг энэ сарын 1-ний өдөр албан ёсоор нээсэн бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга бөгөөд Геопаркийн үндэсний хорооны дарга Х.Санчигдорж хэлсэн үгэндээ “Монголын анхны үндэсний хэмжээний Ханбогд–Шар цавын геопарк бол зөвхөн геологийн онцгой тогтоц бус дэлхийн эртний түүхийг хадгалсан амьд архив, сая сая жилийн өмнөх амьтдын ул мөр, байгаль өөрөө өөрийгөө бичиж үлдээсэн “амьд түүхийн хуудас”-ыг баталгаажуулж буй хэлбэр юм” хэмээн тодотгосон билээ.
 
“Ханбогд-Шарцав” геопаркийг ийнхүү бодитоор ажил хэрэг болох хүртэл эрдэмтэн, судлаачдын уйгагүй эрэл хайгуул, судалгаа үнэтэй хувь нэмрээ оруулсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр дундаа, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан "зэсийн" Д.Гарамжав агсан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн "палеонтологийн" Х.Цогтбаатар агсны өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн хөдөлмөр гавъяаг салбарын хамт олон, олон улсын түвшинд мэдэхгүй хүн үгүй.
 
Үндэсний хэмжээний геопарк байгуулах ажлыг Оюутолгойн ордыг нээсэн Монгол геологич Д.Гарамжав агсан “Өвгөн ахынх нь дараагийн том зорилго бол Ханбогдод геопарк байгуулах ажил байгаа юм. Энэ бол миний нүд аних хүртлээ хийх зүйл” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа. Мөн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн "палеонтологийн" Х.Цогтбаатар агсан "Өмнөговьд баригдах гэж буй музейд бид мэргэжлийн талаас нь тусална. Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт Шар цавын олдворт газарт одоогоор 20 мянга орчим үлэг гүрвэлийн чулуужсан мөр хадгалагдан үлдсэн. Байгалийн тогтоц бүхий дурсгалт зүйлсийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй учраас тухайн газарт хадгалалт хамгаалалт танин мэдэхүйн ажил явуулахаас өөр аргагүй" гэж байв.
 
"Ханбогд-Шарцав" геопарк нь Монголын геологи, палеонтологи, байгалийн болон соёлын өвийг хамгаалах, судлах, сурталчлах ажлыг шинэ шатанд гаргах юм. Үүний зэрэгцээ тогтвортой аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухааны судалгаа, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэж буйгаар онцлог юм.