Өнөөдөр (2026.05.15) Архитектур, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн баримт бичгийг хэлэлцүүлэн дэмжлээ.
Хурлаар төслийн үндсэн үзэл баримтлал, нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлт, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо, эдийн засгийн бүсчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, хот байгуулалт, инженерийн дэд бүтэц болон салбаруудын хөгжлийн төлөвлөлт, засан захиргааны нэгжийн хуваарийн талаар танилцуулга хийж, мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс санал, зөвлөмж гарган хэлэлцэв.
“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” нь олон талын оролцоог хангасан, салбар дундын уялдааг тусгасан байдлаар боловсруулагдсан ба үүний хүрээнд 21 аймаг болон холбогдох сумдад орон нутгийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, орон нутгийн удирдлага, иргэд, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч ажилласан. Түүнчлэн 14 яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, нийслэл болон бусад холбогдох байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулсан ба эдгээр хэлэлцүүлэгт нийт 3346 хүн оролцож, 1984 иргэн, салбарын судлаачид, эрдэмтэд санал шүүмжээ тусгасан нь төслийн агуулгыг бодит нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагатай уялдуулахад түлхэц болсон юм.
“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” нь хот байгуулалтын салбарын суурь бодлогын баримт бичиг бөгөөд тус төсөл батлагдснаар, бүс нутаг, хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлуудыг уялдуулан боловсруулах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой.
Төслийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлж, холбогдох журмын дагуу магадлалын шатны ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.





