“Цахилгаан тээврийн хэрэгсэл, түүний цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөс зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үг хэлэв.
Тэрбээр дэлхий нийтээр ногоон шилжилт, технологийн шинэчлэлийг эрчимжүүлж буй энэ үед цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг дэд бүтэц стратегийн ач холбогдолтой болсныг онцолж, Монгол Улсын хувьд түлш, эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулж, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд цахилгаан тээврийн бодлого чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
Хэлэлцүүлгээр цэнэглэх дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, хувийн хэвшлийн оролцооны талаар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, салбарын төлөөллүүд санал солилцож, шинэ технологийн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцлов.
Хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмж нь Монгол Улсын эрчим хүч, тээврийн салбарын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгоход чухал хувь нэмэр оруулах юм.
Мөн цаашид уул уурхай, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүсэд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр байгуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх станц, батарей хуримтлуур зэрэг шинэ технологийн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг онцоллоо.





