ХЭН ЮУ ХИЙВ| Сүхбаатар дүүрэг: 12, 13 дугаар хорооны 2028 өрхийг ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ХАЛААЛТАД шилжүүлнэ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 2026 онд нийт 51 мянга гаруй өрхийг хийн халаалтад шилжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл дүүргийн “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах 12, 13 дугаар хорооны 2028 өрхийг хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэх ажил эхэллээ.

Төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд сууцныхаа дулаалгыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд шингэрүүлсэн хийн халаалтын зуухыг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулна. Халаалтын улирал буюу тухайн оны есдүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал нийт 900 мянган төгрөгийн үнийн урамшуулал олгоно. Тус үнийн урамшууллыг бэлэн мөнгөөр олгохгүйгээр халаалтын улиралд хэрэглэсэн шингэрүүлсэн хийн төлбөрөөс үе шаттайгаар хасаж тооцох юм.

Иймд дээрх хороодод оршин суудаг, шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжих хүсэлтэй өрхүүд өөрийн харьяа хороонд хандан асуумжийн хуудсыг бөглөж, хүсэлтээ гарган бүртгүүлээрэй.