Сүхбаатар дүүрэг: ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭДИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл, “И-Монгол Академи”-ийн Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэстэй хамтран тусгай хэрэгцээт иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалт зохион байгууллаа.
 
Сургалтын хүрээнд оролцогчдод E-Mongolia платформын ашиглалт, мэдээллийн хүртээмжийг сайжруулалт, мөн хиймэл оюун ухааныг ашиглан контент бүтээх сэдвүүдээр танилцуулга хийж, дадлага сургалтыг зохион байгуулсан. Төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн E-Mongolia аппликэйшн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хүртээмжийн шийдлүүдийг хэрэгжүүлжээ.
 
Тухайлбал, харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулсан өнгөний контраст тохиргоо, шөнийн горим, үсгийн хэмжээг өөрчлөх боломжуудыг нэмж, аппликэйшний хүртээмжийг сайжруулсан байна. Мөн “Дохионы хэлмэрч” үйлчилгээ нэвтрүүлснээр сонсголын бэрхшээлтэй иргэд 1111-2 дугаараар видео дуудлага хийж, хэлмэрчтэй холбогдон төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрджээ.
 
Сургалтад оролцсон иргэд төрийн цахим үйлчилгээний шинэ боломжуудтай танилцаж, өөрийн хэрэгцээнд тохируулан E-Mongolia аппликэйшнийг ашиглах ур чадвараа дээшлүүллээ. Цаашид И-Монгол Академитай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.