Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болж, 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч оролцлоо.
Хурлын хүрээнд нийт 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурах аж.
Хуралд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нар оролцож, гадаадын хөрөнгө оруулагчид, судлаачдад Монгол Улсын хайгуулын салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсад дараагийн Оюутолгой бий юу” сэдвээр илтгэл тавьж, хайгуулын салбарын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын боломж, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан зохицуулалтыг танилцуулав.
Үүнд:
-Уул уурхайн үйл ажиллагаа явуулах аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх орлогын хэмжээг одоогийн 10 хүртэлх хувиас 15 хувь болгон нэмэгдүүлэх;
Зэсийн нөөц ашигласны төлбөр (роялти)-ийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэснээр зэсийн шинэ төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх;
-Хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болгон боловсронгуй болгох,
Эдгээр эрх зүйн шинэчлэл нь эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, геологи, хайгуулын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, улмаар Монгол Улсын уул уурхайн салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.




