Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд “Барилгын технологийн өнөө ба ирээдүй” форум зохион байгуулагдаж байна.
Форум нь “Технологийн 7 хоног”-ийн онцлох арга хэмжээний нэг бөгөөд салбарын шилдэг төслүүдийн “Дэвшилтэд Технологи, Шийдэл”-тэй танилцах боломжтойгоороо онцлог юм. Тус үйл ажиллагаанд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон яамны холбогдох удирдах албан тушаалтнууд, салбарын инженерүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож байна.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Барилгын салбарын ирээдүйн хөгжил нь ногоон барилга, ухаалаг систем, дэвшилтэт технологи дээр суурилж буйг онцолж, үндэсний бүтээн байгуулагчид дэлхийн жишигт нийцсэн инженерчлэлийн шийдлийг эх орондоо амжилттай нэвтрүүлж байна” гэдгийг форумыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Дээрх “Технологийн 7 хоног”-ийн хүрээнд Монголын барилгын салбарын өнөөгийн технологийн түвшинг тодорхойлох томоохон бүтээн байгуулалтуудын барилга угсралтын явц, тэдгээрт ашиглагдаж буй орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шийдэлтэй газар дээр нь танилцаж, туршлага солилцоно.






