Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Орос-Украины энхийг сахиулах төлөвлөгөөг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд танилцуулсан. Тэгвэл уг төлөвлөгөөний дагуу Володимир Зеленский Орост бууж өгөхөөс өөр аргагүй болж байх шиг байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Хэрвээ АНУ-ын энхийг сахиулах төлөвлөгөө Володимир Зеленскийд таалагдахгүй бол Украин цаашид АНУ-ын тусламжгүйгээр бор зүрхээрээ үргэлжлүүлэн тулалдах хэрэгтэй болно. Зеленский шийдвэрээ гаргахад 11-р сарын 27-ны пүрэв гараг эцсийн хугацаа байх болно” хэмээн онцлон хэлжээ. Вашингтоны төлөвлөгөөг Украины тал дэмжихгүй бол АНУ тагнуулын нууц товчооны мэдээлэл, зэр зэвсгээ Украинд нийлүүлэхээ зогсоох аж.
Харин Зеленский 28 зүйл заалт бүхий энхийг сахиулах төлөвлөгөөний талаар Украины иргэдэд хандан “Ирэх долоо хоног үйл явдлаар дүүрэн, тун амаргүй өдрүүд байх болно. Украин улс нэг бол нэр төрөө алдах, нэг бол гол холбоотон орноо алдах тун адармаатай сонголтын өмнө ирж магадгүй” гэж мэдэгджээ.
АНУ-ын энхийг сахиулах төлөвлөгөөнд Герман улс болон Европын холбоо болгоомжлонгуй хандаж байна. Төлөвлөгөөнд тусгаснаар, Украины тал газар нутгийн асуудлаар Орост буулт хийх, АНУ болон Европын холбоо Украиныг сэргээн босгох ажлыг санхүүжүүлэх аж. Мөн Оросын эсрэг хоригийг үе шаттайгаар цуцалж, Москва, Вашингтоны хооронд урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай заалтууд орсон байна.
Володимир Зеленский энхийг сахиулах төлөвлөгөөг зөвшөөрвөл Украины тал зүүн бүсийн газар нутгийнхаа зарим хэсгийг Орост өгч, цэрэг армийнхаа хэмжээг багасгаж, “НАТО-д хэзээ ч гишүүнээр элсэхгүй” гэсэн амлалт өгөх шаардлагатай болно.
Хэрэв Володимир Зеленский 11-р сарын 27-ны пүрэв гарагт багтаж, уг төлөвлөгөөнд гарын үзэг зурахгүй бол Украинд үзүүлж байсан дэмжлэгээ АНУ бүрмөсөн зогсоож, Украин бор зүрхээрээ Оросын эсрэг дайнаа үргэлжлүүлэх болно гэсэн үг. Володимир Зеленский алийг нь сонгох бол?!
Эх сурвалж: CNN


