“Монгол эр хүн “ үндэсний III чуулганы үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэндчилгээ үг хэлсэн юм.
Чуулганд төр, хувийн хэвшил, орон нутгийн төлөөлөл нийт 600 гаран эрэгтэйчүүд оролцсон бөгөөд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний урлагийн Их театрын уран бүтээлчид, гоцлол дуучид, бүжигчид уран бүтээлээ толилуулж, чуулганы оролцогчдод хүндэтгэл үзүүллээ.
Чуулган “Монгол эр хүний түүхэн бахархал”, “Орчин цагийн монгол эр хүний манлайлал”, “Гэр бүл дэх монгол эр хүний үнэ цэн”, “Туршлага хуваалцах хэлэлцүүлэг” гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэй үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан "Эх оронч монгол" үндэсний хөдөлгөөний талаарх танилцуулгыг Батлах хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, "Монгол эр хүний талаар уламжлалт ойлголт, үнэ цэн" илтгэлийг Хошууч генерал Х.Лхагвасүрэн, “Монгол эр хүний есөн Эрдмийн тухай чингис хааны айлдвар” илтгэлийг Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, академич С.Нарангэрэл, "Эр хүний оролцоо-Аз жаргалтай гэр бүлийн үндэс" илтгэлийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, хөтлөгч Б.Сайнбаяр нар харилцан яриа байдлаар хамтран хүргэлээ.
“Туршлага хуваалцах хэлэлцүүлэгт ”Монгол Улсын аварга С.Мөнхбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар оролцож, ярилцлаа.
Чуулганаас Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, Жендэрийн үндэсний хороо, МАОЭНХ, МҮХАҮТ, МҮЭХ, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага болон нийт эрэгтэйчүүдэд хандаж, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцэж, эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулахад чиглэсэн 50 гаран асуудлаар санал зөвлөмж гаргалаа.



