УИХ-ын гишүүн Хөххүүгийн Болормаа:
“Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино" (Ардын Засгийн газрын 1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 39 дүгээр хурлын тогтоолоос...)
Анхдугаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Шүүх яамны сайд, хурц гүн Н.Магсаржавын ахалсан ажлын хэсэгт Ардын засгийн газраас даалгавар болгон баталсан энэхүү тогтоолыг үзвэл тухайн үеийн Монгол улсын төр засгийн удирдлагууд нь Богд хаант бүгд найрамдах засаглал бүхий хөрөнгөтний эдийн засгийн чиг баримжаатай улсыг байгуулах чинхүү хүсэл эрмэлзэлтэй байсан нь тодорхой байдаг юм.
Гэвч энэхүү анхдугаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг тун удалгүй хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулийг хуулахыг санаархсан гэдэг үндэслэлээр татан буулгаж ажлын хэсгийн гишүүдийг удаа дараа хэлмэгдүүлэн хохироосон байдаг.
Улмаар 1924 онд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулагдан ажиллаж анхдугаар #Үндсэн_хуулийг эцэслэн боловсруулан Улсын анхдугаар их хурлаар хэлэлцүүлж 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр соёрхон баталсан байна.
Монгол түмний төр, нийгмийн олон зүтгэлтэн, язгууртан, сэхээтнүүдийн хичээл зүтгэл, ард түмний чинхүү хүсэл эрмэлзэл, гадаад, дотоод улс төрийн нөлөөлөл, хэлмэгдүүлэлтийг даван гарч энэхүү өдөр батлагдсан Анхдугаар Үндсэн хуулийн гол үнэ цэн бол хүний эрх, эрх чөлөө, төрийн байгуулалтыг тогтоож Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг даян дэлхийд тунхагласан явдал юм.
Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 101 жилийн ойн баярын мэнд хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН ХӨХХҮҮГИЙН БОЛОРМАА


