Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар:
Эрх чөлөөт Монгол Улсын нийт ард иргэддээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 101 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Аливаа түүхэн тэмдэглэлт ой бол үндэстний ой санамжаа сэргээн тодотгох, ирээдүй хойч үедээ үндэстний бахархал, нэгдмэл үнэт зүйлээ залгамжлан өвлүүлэх чухал ач холбогдолтой билээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд найрамдах засаглалд шилжсэнээ зарлан тунхагласан нь эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн шийдвэр байсан юм.
Монголчууд 1924 оны 9-р сарын 8-нд Улсын анхдугаар их хурлаа Нийслэл Хүрээнээ зарлан хуралдуулсан түүхтэй. Анхдугаар их хуралд Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошууд, ардын цэргийн ангиудаас нийт 77 төлөөлөгч оролцон, олон чухал асуудлыг хэлэлцсэн бөгөөд эдүгээгээс 101 жилийн өмнөх энэ түүхэн өдөр буюу 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны 4 цаг 17 минутад Анхдугаар Үндсэн хуулиа санал нэгтэйгээр баталсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ.
Анхдугаар Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын их хурал болон мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн тунхагласан байна.
Анхдугаар Үндсэн хуулийг баталснаас хойш 1940, 1960 онд тухайн цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн шинэчилж байсан бол, 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа баталсан билээ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт агуулга, ач холбогдлын хувьд парламентат ёсыг бэхжүүлэх, засаглалын тэнцвэрийг хангах, ард түмэн баялгийнхаа эзэн байх эрхийг баталгаажуулснаараа үнэ цэнтэй юм.
Монголчууд бидний өвөг дээдэс XIII зуунаас хойш “Их засаг” хууль, “Алтан хааны цааз”, “Монгол, Ойрадын их цааз”, “Халх журам” зэргийг нийтээр дагаж мөрдөж ирсэн хууль цаазын арвин баялаг уламжлалтай.
Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгаж, Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан түүхэн өдрийн мэндийг дахин дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР


