Н.Гантулга: Алдарт дуучин Н.Төмөрхуяг ах минь намайг Арабад хөл алхуулсан ч юм билүү

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Өвлийн жавар тачигнасан хүйтэн орой. Намуунаа ажлаас ирж авлаа. Манайх нэг жижиг тэрэгтэй байсан үе. Хоёулаа амихандаа гэрээдээ яарч байгаа. Учир нь Удвал охин минь дөнгөж ой гарантай. Хүүхдээ хүнээр харуулчихсаныг яана, дээрээс нь ээжийнх нь хөх чинэрээд л. Такси барих гэсэн хүмүүс замаар битүү зогсож байна. Манайханд нэг гомдмоор муухай зан байдаг. Хахир хүйтэнд, эсвэл цастайд, эс бөгөөс усан бороонд такси зогсддоггүй. Яг л тэр жамаар даарч хөрсөн хүмүүс эгнэчихсэн байна.

Тэгтэл дуучин Н.Төмөрхуяг 3-р сургуулийн урд өнөө л далбагар хар бүрхтэйгээ, нимгэн пальтотой, таягтай, нэг хүний хамт зогсож харагдана. Хичнээн яарч байгаа ч тэр сайхан хүний хажуугаар зогсохгүй өнгөрч яаж чадах билээ. Ханьдаа учирлан хэлээд зогслоо. Төмөрхуяг ахаа, та суучих гэсэнд итгэж ядаад “болохгүй юм уу” ямар сайн хүүхдүүд вэ гээд суулаа. “Та хаа хүрэх вэ, таныг хүргээд өгье” гэхэд баярлаад Соёлын төв өргөө орно, нэг хүний студид очих юм гэлээ.

2004 оны хавар А.Эрдэнэ-Очир ахын “Аялагхан залуу нас” тоглолт Улаанбаатар хотноо болсон юм. Ээгий ахтай тоглолтынх нь тасалбарыг тарааж явахдаа Төмөрхуяг дуучинтай уулзаж байсан. Ичэээнээсээ гарлаа гэдэг шиг мань хүн уран бүтээлдээ эргэн ирсэн үе нь байсан шиг санагддаг. Ээгий ахын тоглолтод

“Аясын бүүвэй салхин дунд

Хээрийн цэцэг ганхана аа хө

Амраглан жаргаж үй зайгүй даслаа ч

Амьдралд хамтдаа байх ч биш дээ хонгор минь

Аяа бидэн хоёрын заяа тийм дээ хө” хэмээх Бямбабаяр гавьяатын аялгууг нь хийсэн дууг үнэхээр нэг торгон, дотор сэвэлзтэл дуулж билээ.

Тэр тухай миний бие яриад, тантай анх тэгж танилцаж билээ гэж хэлэхэд өвлийн жаварт жиндсэн, такси зогсдог болов уу гэж хүн хүнийг харж горьдож зогссон тэр гоё дуучны царай гэрэлтээд ирж билээ. Одоо ч Төмөрхуяг ахын тэр гоё царай нүдэнд харагдаж байна. “Чи мөн сайхан залуу яа” гэж баярлаад, Намуун бид хоёрт дахин дахин баяр хүргээд зорьсон газраа буусан. Тэгэхэд миний бие утасных нь дугаарыг аваад үлдсэн.

Хоёр, гурав хоногийн дараа байна уу даа, нэг их удаагүй залгасан. Таныг хүргэж өгсөн залуу байна аа гэхэд тун их баярлаад, Танаас ярилцлага авая гэхэд тэгэлгүй яахав гээд ханиа дагуулаад ажил дээр минь хүрээд ирсэн. Ахыг угтаж аваад сониныхоо хажуу талын “Мерри”-д орлоо. “Мерри”-г тэр үед уулаасаа “Гантулгын баар” гэдэг байсан юм чинь. Манай найрагчид тэнд мөн ч их шараа тайлсан даа, за тэр яахав.

Төмөрхуяг ах бид хоёр зуу, зуу захиаллаа, лавшаа захиаллаа. Жаргалханд эгч бас хоол захиаллаа. Гурвуулаа сайхан суулаа. Ах, нөгөө хүйтэн орой хүргэж өгснийг яриад л. Ингээд бид хоёрын ярилцлага эхэлсэн. 100 маань мэдээж 200 болж таарна. Ярилцлага үнэхээр гоё боллоо. “Өдрийн сонин”-д бүтэн нүүрээр хэвлэгдээд гараад ирлээ.

Нэг өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Өөрийг чинь Гантулга гэдэг үү гээд, тийм ээ л гэлээ. Тэгтэл Гадаад паспорттой юу, хугацаа нь ямар байгаа гэнэ. Тэр үед АСА группийг хариуцаж байсан Сэржбүдээ ахтай шадарлаж байсны хувьд Асашёорюү аваргын зодог тайлах ёслол руу явах үед паспортны хугацаагаа сунгасан учир асуудалгүй байлаа.

Тэгтэл Ерөнхийлөгчийн тамгын газрын хүн “Өөрийг чинь Арабын нэгдсэн Кувейт, Катар зэрэг булангийн орнуудад хийх төрийн айлчлалд авч явахаар болсон” гээд ихэд тушаангүй, би бөөн баяр. Кувейтийн эрхэм дээд Эмир буюу Эзэн хааных нь онгоц ирж авлаа. Ёстой олон давхар байшин шиг том онгоц. Тухайн үед UBS-д байсан И.Буянжаргал ахаас өөр надад таних хүн ч байхгүй. Буяа ахыгаа л бараадаад явж байгаа.

Тэгтэл Ерөнхийлөгчийн шадар туслах ч байсан билүү Отгон-Өлзий онгоцон дотор “Дарга таныг дуудаж байна” гэдэг юм. Пүрэвсүрэн зөвлөх үү гэтэл “Биш ээ Ерөнхийлөгч” гэдэг юм. Ерөнхийлөгчийг аппаратад нь ажилладаг хүмүүс “дарга” гэж дууддаг юм байна л даа.

Өлзий дүү дагуулаад явлаа. Урагшаа яваад л байгаа, явж явж бараг л онгоцны урд үзүүр рүү иртэл Элбэгдорж Ерөнхийлөгч голд нь суучихсан хоёр талд нь тухайн үед Сангийн сайд байсан байх С.Баярцогт, MCS-ын Оджаргал хоёр сууж байх юм. Ерөнхийлөгч намайг харангуутаа “Өө Гантулга наашаа суу” гээд таньдаг хүн дотноор гар бариад Баярцогтын суудал дээр суулгаад “Чиний саяхан ярилцсан Хэнтийн дуучин чинь хэн билээ” гэдэг юм.

Би ч палхийгээд л явчихсан. Тухайн үед өдөр бүр хүнтэй ярилцлага хийдэг, тэгэхдээ урлаг соёлынхонтой голдуу уулздаг хүн чинь юу билээ л гэж бодлоо. Дээрээс нь Төрийн тэргүүн дуудаж авчираад асуухаар чинь бүр балмагддаг юм билээ.

Гэнэт надад Төмөрхуяг ах санаанд ороод, хоёулаа жигтэйхэн гоё “тулгаж” суусан минь санагдаад Төмөрхуяг уу гэтэл Ерөнхийлөгч “тийм тийм, гоё дуучин шүү. Тэр сайхан дуучинд шагнал өгнө өө. Тоглолтыг нь зохион байгуул, манай Батсүхтэй чамайг уулзуулна” гэсэн иймэрхүү юм ярилаа.

Ингэж би Арабын орнуудад хийсэн Төрийн тэргүүний айлчлалын сурвалжлах багт гэнэт багтсан учраа Элбэгдорж Ерөнхийлөгчийн үгнээс тайлсан юм. Төмөрхуяг дуучны ярилцлагыг Ерөнхийлөгч таашаалан уншаад л, Гантулга гэж энэ нөхрийг аваад явчихая гэсэн бодол төрсөн болов уу гэж боддог юм. Төмөрхуяг ах маань Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, дараа нь Гавьяат аваад тэр бүгдэд дүүтэйгээ хэрхэн ярьж, халуун сэтгэлээ хуваалцаж байсныг би мартдаггүй. Жаргалханд эгч бүгдийг мэдэж байгаа.

Аливаа юмны учрал тохиол гэж сонин. Тэр зэвэргэн үдэш Ард түмний хайртай сайхан дуучныг авалгүйгээр дэргэдүүр нь өнгөрсөн бол Адуучин аавын хүү би хэн болох юм бэ.

Хүнд хайртай байдаг, тэр тусмаа авьяастай хүнд, хүнлэг сайхан хүнд сэтгэл татагддаг чанар маань Төмөрхуяг ахтай нөхөрлүүлсэн юм даа. Иймийн учир би Алдарт дуучин ах минь намайг Арабын тэнгэр дор хөл алхуулж нүдийг минь нээсэн гэж боддог.

Тийн бодох ахуйд “Ухаарч амьдрах хорвоо гээд Үр чамдаа хэлээд л байгаа юм шүү” хэмээх Эрхэм ахын минь уяхан гоё хоолой зүрхэнд минь нулимстай зурагддаг л юм даа.

Норовын Гантулга

2025.11.19