Ц.Уртнасан: ТЭТГЭВЭР АВАГЧДАА ТАЛЦУУЛАЛГҮЙ тогтолцоогоо засах, өгөөжийг нь нэмэгдүүлэх түмэн боломж байна

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Уртнасан “Манай тэтгэврийн тогтолцооны олон сул тал, гажгийг үндэслэсэн авторууд нь олон нийтийн "ШУДАРГА", "ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ" гэж үзэж, итгэл найдвар тавьж ирсэн улс төрчид байдаг нь жаахан тоогүй юм.

Хагас сая хүрэхгүй тэтгэвэр авагчдаа талцуулалгүй, нийгмийн гишүүдийнхээ эрх ашгийг ялгаварлалгүйгээр үндэсний тэтгэврийн тогтолцоогоо засч залруулах, илүү өгөөжийг нь нэмэгдүүлэх түмэн боломж оршин байна” хэмээн хэлж байжээ.

Иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилтот арга хэмжээнд ялгаварлал байж таарахгүйг онцолсон түүний мэдэгдэлд /2021.01.09/  

ТЭТГЭВЭР - НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АРГА ХЭМЖЭЭ!!!

УИХ-аар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх явцад шүүгчдийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь дундаж цалингийн 80 хувиар тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохоор төсөлд тусгасан тухай чухал асуудлыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан олж харж, хөндөв.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар цэргийн албан хаагчдад мөн дундаж цалингийн 80 хувиар тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоож байгаа юм.

Ажил хөдөлмөр, ажил үүргийн хүнд хэцүү, нарийн төвөгтэй байдлыг цалин хөлсөөр урамшуулж, олгосон цалин хөлснөөс тэтгэврийн даатгалын шимтгэл тооцон төлөх зарчмыг тууштай баримталбал Монгол хүнийхээ ирээдүйн нийгмийн баталгааг хангах талдаа илүү өгөөжтэй билээ.

Төрөөс тэтгэврийн зардал, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлүүлчихээд дундаж цалингийн 80 хувиар тэтгэвэр тогтоолгох нийгмийн нэг хэсэг байхад ажил олгогч, даатгуулагчид өөрсдөө нийгмийн даатгалын шимтгэлээ хариуцан төлөөд дундаж цалингийн 45 хувиар тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа нийгмийн нөгөө хэсэг ч байна.

Тэтгэвэр бол ажиллаж өнгөрсөн хугацааны нөхөх төлбөр бус, ажил олгогчийн шагнал шан харамж ч биш юм. Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж ажилласан хугацаа, шимтгэл тооцсон дундаж цалин гэсэн үндсэн параметрүүдээс хамааруулан Даатгуулагчийг өндөр насанд хүрсэн үед ирээдүйн нийгмийн баталгааг нь хангах зорилт бүхий Төрийн нийгмийн хамгааллын арга хэмжээ бол тэтгэвэр билээ.

Энэ агуулгаар асуудалд хандвал иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилтот арга хэмжээнд ялгаварлал байж таарахгүй.

Ажил мэргэжлээр ялгаварласан нийгмийн хамгааллын бодлого зохицуулалтаас татгалзаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд хэн бүхэнд ижил зохицуулалт бүхий ялгаварлалгүй, эрх тэгш нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэддээ үзүүлэх нь Монгол улсын 27 жилийн өмнө сонгож, хөгжүүлсэн эв санааны нэгдлийн зарчимд үндэслэсэн нийгмийн даатгалын тогтолцооны үндсэн зарчимд ч, хүний эрх, шударга ёсны зарчимд ч нийцнэ.

Эргэн харвал энэ мэт манай тэтгэврийн тогтолцооны олон сул тал, гажгийг үндэслэсэн авторууд нь олон нийтийн "шударга", "эрдэм боловсролтой" гэж үзэж, итгэл найдвар тавьж ирсэн улс төрчид байдаг нь жаахан тоогүй юм даа.

Хагас сая хүрэхгүй тэтгэвэр авагчдаа талцуулалгүй, нийгмийн гишүүдийнхээ эрх ашгийг ялгаварлалгүйгээр үндэсний тэтгэврийн тогтолцоогоо засч залруулах, илүү өгөөжийг нь нэмэгдүүлэх түмэн боломж оршин байна #хэмээсэн нь анхаарал татна.