Д.Амарбаясгалан: Надтай холбоотой нэг л асуудал гараад ирвэл би өөрөө Монголын улс төрөөс явна

Улс төр

2025-09-29

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


 Д.Амарбаясгалан Бага хурлын тайзан дээрээс “МАН Монгол Улсын түүчээлэгч гол улс төрийн хүчин хэвээр байх учиртай.

Үүний төлөө бүгдээрээ бид зүтгэх ёстой шүү” хэмээн уриалжээ. МАН-ыг ингэтлээ дордоосой гэж би зүтгээгүй, МАН-ыг 21 дүгээр зууны энэ улс орны хөгжлийг түүчээлдэг нам байлгахын төлөө өнөөдрийг хүртэл зүтгэсэн гэдгээ хэлээд “Өөрсдөө зохион байгуулж нүүрсчин болгочихоод “Нүүрсчин учраас Ардын намын дарга болгохгүй” гэж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгджээ.

“Би намаа сонгуульд ялуулахын төлөө хэзээ ч хоёр нүүр гаргаж байгаагүй” хэмээн сануулаад энэ удаагийн Бага хурлаас өөрийг нь нүүрсчин болгох гэж ямар хүмүүс улайран зүтгэснийг мэдэж авсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

МАН-ын даргад нэр дэвшигч Д.Амарбаясгалан “Бага хурлын гишүүд суух газаргүй болтлоо дарамтад орж байгаа. Намайг нэр дэвших эсэхээ ч шийдэж амжаагүй байхад Ц.Чулуунзагдыг надад хамаатуулан барьж хорьсон нь намын даргад нэр дэвшихээ зарлах үндэслэл болсон” гэдгийг хэлээд “Надтай холбогдох сэтэрхий тэвнэ ч байхгүй байхад болзошгүй, магадгүй, би хардаж байна гэдэг үгээр халхавчилж, ард түмэнд ор үндэслэлгүй гүтгэлэг тараасан.

“Ямар аймшигтай холбоосуудыг хийдэг юм бэ, гаднын байгууллагуудын гар хөл болдог юм уу, ямар ч хамааралгүй компанийн регистр хүртэл тавьж байгаад хуурамч баримт бүрдүүлж, Сонсгол нэртэй зүйл хүртэл хийнэ. Одоо ингэж журмын нөхрөө, та нарын төлөө зүтгэж байсан нөхрөө гутааж доромжлохоо зогсоо” гэжээ.

Харин “Миний оролцсон, надтай холбоотой нэг ширхэг асуудал байдаг юм бол би өөрөө Монголын улс төрөөс явна.

“Наадхыг чинь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр хийсэн шүү” гэдэг ойлголт өгөх гэж бүтэн гурван сар ажилласан.

Би нөхдөө мэднэ гээд намын даргын асуудлыг Бага хурлаар шийдэхгүй бол 45 хоногт энэ намыг, энэ намын гишүүдийг эргээд сонгуулиар ард иргэдээс санал гуйж чадахгүй болох хэмжээнд хүртэл гутаах, гүтгэх ажил үргэлжилнэ” гэдгийг сануулжээ.